12 сар 6, 2024

Оюутолгойн зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилжээ…

Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой аж. Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлжээ.

Оюутолгой төслийн менежер, уурхайн оператор болох Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс энэ асуудлыг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Рио Тинто компаниас шаардах болно гэж Хууль зүйн сайд хэлжээ. Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм.

Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг бид Рио Тинто компанид итгэл хүлээлгэн өгсөн. Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэвч Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компанийн өнөөдрийг хүртэл бидэнд өгч байсан тайлбараас зөрүүтэй гарч байгаа нь Ажлын хэсгийн анхаарлыг татаж байна. Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэх болно гэж Ажлын хэсгээс мэдээллээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛБАР:

Хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулсан талаар

–       Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн яриа хэлэлцээг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан.

–       Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйгаас шалтгаалсан, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч, шүгэл үлээгчид гадаадын зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэргээс шалтгаалж Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг Рио Тинто компанид албан ёсоор хүргүүлсэн.

–       Засгийн газраас хөндлөнгийн шинжээчид томилох саналыг Эрдэнэс оюу толгой ХХК-иар дамжуулан Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан бөгөөд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналыг дагуу тусгай хороо байгуулж хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Оюутолгой ХХК-ийн оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор Засгийн газрын төлөөлөл 2 гишүүн, Туркойс Хилл компанийн төлөөлөл 2 гишүүн тусгай хороонд орж ажилласан. Ийнхүү хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг Рио Тинто эрс эсэргүүцэж байсан бөгөөд Засгийн газрын төлөөлөл гишүүд анх удаа Туркойс Хилл компанитай хамтран ТУЗ-ийн тогтоол дийлэнх олонхоор батлуулсан.

–       Тусгай хорооноос хөндлөнгийн шинжээчдийн ажлын даалгаврыг баталж, хөндлөнгийн шинжээчид томилох ажлыг эхлүүлэн шаргуу ажилласан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ашиг сонирхлын зөрчилгүй мэргэшсэн зөвлөх компани олох нь маш бэрхшээлтэй байсан. Гэсэн хэдий ч дэлхийн нэр хүндтэй зөвлөхүүдээс бүрдсэн шинжээчдийн багийг томилж 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.

–       Хөндлөнгийн шинжээчид хянах шаардлагатай мэдээллийн жагсаалтыг гарган Оюутолгой ХХК-д явуулж байсан бөгөөд зарим тайлан, мэдээллийг өгөхөөс Рио Тинто, Оюутолгой ХХК эрс татгалзаж байсан. Тухайлбал Техникийн үнэлгээний багийн тайлан бөгөөд 2016-2019 онуудад хөндлөнгийн зөвлөхүүдийн Оюутолгой төсөлтэй холбогдуулж гаргасан тайланг Рио Тинто өгөхөөс татгалзсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд энэхүү тайланг авах шаардлагатай талаар удаа дараа сануулж шаардлага хүргүүлсэн боловч Рио Тинто энэхүү мэдээллийг өгөөгүй.

–       Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх мөн дүгнэлтийг хянасан. Энэхүү дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэсэн байна. 

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар

–       Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны наймдугаар сард хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн асуудлыг шалтаглан Рио Тинто компаниас түр зогсоосон.

–       Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргаанд хүргэсэн гэх асуудлаар Рио Тинтотой тохиролцоонд хүрч (бараг бүх асуудлаар буулт хийсэн) Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүхэлдээ Оюутолгой ХХК нь Туркойс Хилл компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Төслийн санхүүжилтийн зээл авснаар Рио Тинто компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч болох улс төрийн эрсдэлээ бууруулж, төсөлд оролцогч талуудыг нэмэгдүүлсэн.

–       Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто тухайн үед гаргаж байсан бөгөөд 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан 2016 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.

–       2019 оны долдугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.

–       2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын илүү нарийвчилсан тооцоог олон нийтэд зарласан бөгөөд энэхүү тооцоолол нь ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү тодорхой, нарийвчилсан тооцоолол болохыг дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагад үүнийг баталгаажуулсан.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүгэл үлээгчид АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас Рио Тинтогийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл мөн гарсан талаар Засгийн газрын цахим сайтад нийтэлжээ. 

Translate