12 сар 6, 2024

Улаанбаатар-Дарханы авто замын ажилтай танилцав…

Засгийн газрын тэргүүн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллах талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгчээ. Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Хуучин замыг өргөтгөн шинэчлэх авто замын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ. Үүнд:

  • I багц – Улаанбаатараас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
  • II багц – Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км,
  • III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км,
  • IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км,
  • V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.

Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын авто зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 1, 3, 4, 5 дугаар багцын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзлээ. Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43 хувь, 3 дугаар багц 69.76 хувь, 5 дугаар багц хэсэгт 70.46 хувийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53 километр замаас 65.01 километрт хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ. Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв. Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн талбай дээр ажиллах үеэр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашид дахин тохиолдол гаргахгүйн тулд хар жагсаалт гаргаж, олон улсад зарлах, сайн гүйцэтгэгчдийг алдаршуулах зэргээр ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайдад анхааруулжээ. Цааш хэлэхдээ, эхлүүлсэн авто зам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд авто замын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэлээ. Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

Translate