12 сар 6, 2024

Б.Жавхлан: Иргэдийн 93 хувь нь 300 мянган төгрөгөө авсан…

2021.04.13. Монгол Улс. Улаанбаатар хот. Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газраас 3.373.025 иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан юм. Тиймээс тухайн өдрөөс эхлэн төрийн сангаас гүйлгээ хийгдэж эхэлсэн юм. Ингэхдээ 1 сая 196 мянган хүүхдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн данс руу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Мөн 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар 3.173.897 иргэний 952.169 тэрбум төгрөгийг төрийн сангаас шилжүүлсэн нь 93.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн өдрийн байдлаар нийт 32.144 иргэний гүйлгээ буцаагдсан байгаа нь хүлээн авагчийн нэр, данс зөрүүтэй байсантай холбоотой гэнэ. Мөнгөн дэмжлэгийн талаар Монгол улсын сангийн сайд Б.Жавхлан Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн төлөлтийг иргэн бүртээ тэгш хуваарилж байна. Мөн энэхүү гүйлгээг бид 7-10 хоногийн дотор хийж дуусгахыг зорьж байна гэсэн юм. Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн 2016-2018 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан билээ. Оюутолгой компани 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр эхний 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол, 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн юм. Монголын Татварын Ерөнхий Газраас тус компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 228 сая ам.доллар буюу 648.9 тэрбум төгрөгийн татварын акт тавьсныг ийнхүү барагдуулсан юм. Татварын ерөнхий газраас 2020 онд ногдуулсан актуудыг дараах байдлаар үндэслэжээ. 

▪ Менежментийн төлбөрт суутгалын татвар ногдуулаагүй 164.7 тэрбум төгрөг,
▪ Туркойз Хилл Ресурс компанид төлсөн зээлийн хүүд суутгалын татвар бүрэн ногдуулаагүй зөрчилд 179.4 тэрбум төгрөг, 
▪ АМНАТ тооцохдоо Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөг зэргийг тооцож ногдуулсан байна.

Translate