Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жилийн ой тохиож байна
Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 128 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Д.Сүхбаатар бол 1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн түүхэн гавьяатай хүн гэдгээр нь монголчууд бид сайн мэднэ. Тийм ч учраас жил бүрийн энэ өдрийг Ардын Хувьсгалын их удирдагчаа дурсан Их Жанжныхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Мөн Монгол Ардын Намаас Д.Сүхбаатарын үйл хэргийг ирээдүй хойчдоо үнэн бодитоор сурталчлан таниулах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, мөн эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учир дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжгүй болж буй юм. Гэвч түүний эх оронч үзэл санаа, үйл хэрэг нь өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улсыг бий болгосон гэдгийг хойч үе бид эгнэгт санан дурсаж явах учиртай билээ.
Хувьсгалын их удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2-нд тухайн үеийн Маймаа (одоогийн Амгалан) хотноо ядуу ард Дамдины гэрт мэндэлжээ. Тэрбээр жирийн харц ардын гэрт мэндэлж, багаасаа хүнд хэцүү амьдрал туулсан ч бичиг үсэг, цэргийн эрдэмд шамдан суралцаж, хувьсгалын их үйл хэргийг амжилттай манлайлан удирдаж, улмаар 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 онд Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор, 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ.
Тэрээр Монгол Улс орших, эс оршихуйн дэнсэн дээр байхад нам, улс төр гэж талцахгүйгээр цэрэг армийг гарамгай удирдан Монгол орныг цагаантнуудаас чөлөөлж, туурга тусгаар Монгол улсыг цогцлоох үндэс суурийг тавьсан юм. Тэрээр 19 настайгаасаа эхлэн цэргийн албанд дайчлагдан улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцон гавьяа байгуулахын дээр Хүрээний нууц бүлгэмд элсэж, 1920 онд Хятадын түрэмгийллийн эсрэг ЗХУ руу явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж ЗХУ-аас зэр зэвсгийн тусламж авч чадсан, 1921 онд Зөвлөлт Орос улстай хийсэн найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан зэрэг түүхэн чухал үйл явдлуудад гар бие оролцсон байдаг. Энэ мэт түүний эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө байгуулсан гавьяаг үнэлж баршгүй юм.