2 сар 10, 2025

Монгол Улс. ДЭМБ-ын харилцаа

ДЭМБ багцын тусламж өгнө

2017.03.09. Монгол Улс. Улаанбаатар хот. Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Су Нюн Ту-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын  эхэнд 2012 оноос хойш Монгол Улсад ДЭМБ-ын суурин төлөөлөгчөөр ажиллаж буй  доктор Су Нюнтугийн манай улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа Шадар сайд онцлон тэмдэглэв. ДЭМБ 1962 оноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. ДЭМБ өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд 35 мянган ам.долларын өртөг бүхий амь аврах багцыг тусламжаар нийлүүлэхээр төлөвлөжээ. Энэ багцад  дуслын аппарат,  хүчилтөрөгч өтгөрүүлэгч, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмждэг аппарат, дулаан хөнжил байдаг байна. ДЭМБ цаашид болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний баг байгуулж, үнэлгээ хийх бөгөөд үүнийг дэмжиж ажиллана гэдгээ Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2019.03.29. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг өрөөндөө хүлээн авч уулзлаа. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирлаар Такаши Касе шинээр томилогдсоныг уламжлаад зургаадугаар сард манай оронд айлчлах явцдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах хүсэлтэйг Др Сергей Диордица дамжуулав. ДЭМБ-аас Номхон далайн Баруун бүсийн улс орнуудад явуулах бодлоготоо багагүй өөрчлөлт оруулж яаралтай, онцгой нөхцөл байдал, халдварт бус өвчин болон насжилт, орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад техник туслалцааны чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэв. Хүн амын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн орны хувьд Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар ДЭМБ-тай хамтарч дэмжин ажиллана гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

С.Диордица: Монгол Улс оновчтой алхам хийсэн

2020.12.21. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Ковид-19 вирусын цар тахлын байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Засгийн газар ДЭМБ-н зөвшөөрсөн, чанартай вакциныг хурдан оруулж ирэх зорилготой байгааг онцолсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх КОВИД-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр НҮБ, ялангуяа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусламж, дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд, цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг хяналтад авах чиглэлээр өгч буй мэргэжил, арга зүйн зөвлөгөө нь чухал ач холбогдолтой болохыг хэллээ. KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр талууд ярилцлаа. Мөн Суурин төлөөлөгч С.Диордица олон улсад хөгжүүлж буй зарим вакцины явцын талаар ч мэдээлэл өгөв. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бэлэн байдлын зэрэгт шилжсэн байдал, хөл хорионы дэглэмүүд цаг үеэ олсон оновчтой шийдэл байсныг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.