12 сар 6, 2024

Европын холбооны саарал жагсаалтаас гарчээ

Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын зөвлөл энэ сарын 6-нд хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцыг соёрхон баталсныг сайшааж, Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалтын хяналтанд байлгах саарал жагсаалтаас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ. Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, татварын ил тод байдлыг хангаагүй, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн орчин нь дутмаг гуравдагч улсын буюу Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт буюу Хар жагсаалтыг Европын Холбоо 2017 оноос хойш хөтөлж байгаа бөгөөд тус жагсаалтанд Монгол Улсыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд оруулсан байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сангийн яамны хамтарч 2018 оны нэгдүгээр сард тус хар жагсаалтаас манай улс богино хугацаанд гарч хяналт-ажиглалтын саарал жагсаалтанд шилжээд байжээ. Энэ жагсаалтаас гарахын тулд татварын ил тод байдал, мэдээлэл харилцан солилцоог хангах, татвараас зайлсхийхтэй тэмцэх олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 2017 онд 350 дугаар тоот тогтоол баталж холбогдох арга хэмжээг авч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны олон улсын форумд 2018 оны нэгдүгээр сард манай улс албан ёсны гишүүнээр элсэж, уг байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу мэдээлэл харилцан солилцох, ил тод байдлыг хангах, хамтран ажиллах, татвараас зайлсхийхийн эсрэг эрх зүйн зохицуулалтыг татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд дотоодын хууль тогтоомжид тусгаж хэрэгжүүлжээ. Түүнчлэн Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцыг УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 3-ны өдөр соёрхон баталж, тус конвенц 2020 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ жагсаалт нь ФАТФ-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын хяналтын жагсаалт буюу албан бус хэллэгээр саарал жагсаалт биш бөгөөд Европын холбооны Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Translate