2 сар 10, 2025

Монгол Улс, Олон улсын валютын сангийн харилцаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн гүйцэтгэх захиралд захидал илгээж, суурин төлөөлөгчтэй уулзлаа

2017.10.05. Монгол Улс. Улаанбааар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэгэн оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо. Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ. Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм гэжээ.

ОУВС-гийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ

2017.10.30. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб болон ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб баяр хүргээд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжлэх болсныг дуулгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидлыг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагердад илгээсэн нь цаг үеэ олсон алхам болсон. Үүний дүнд өнгөрсөн зургаадугаар сараас хойш зогсонги байдалд орсон хөтөлбөр хэвийн үргэлжилж, донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсныг тодотгов. ОУВС-гийн энэ шийдвэрт талархаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд цаашид төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан, Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийж,  аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгахыг зорьж байгааг тэмдэглэв. Мөн уулзалтаар тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцын талаар санал солилцжээ.

Ерөнхий сайд ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018.02.04. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс илэрхийллээ. Тэрээр төсвийн сахилга бат сайжирч, алдагдал бууран орлого нэмэгдэж, гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрч, гадаад хөрөнгө оруулалт өсч байгааг дурдав. Уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарч эдийн засаг өсч, урууддаг өнөөгийн байдлыг өөрчлөхийн төлөө байгааг Ерөнхий сайд хэллээ. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц гээд бусад салбараа хөгжүүлж олон тулгуурт эдийн засагтай болохыг зорьж байна. Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд өмнөө тавьсан ихэнх зорилтоо биелүүлж чадсан. Цаашид ололтоо улам бататгаж, ахиулна гэдэгт итгэж байдгаа Жефф Готтлиб хэлэв. Монгол Улс энэ хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэхийн төлөө байгааг донор улс, байгууллагуудад уламжилна. Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Талууд тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлээ харилцан ярилцаж, уян хатан байдлаар шийдвэрлэж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөл бараалхлаа

2022.05.02. Монгол Улс. Улаанбаатар хот. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Цар тахлын өмнөх жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч, хөрөнгө оруулагчдын итгэл эрс сайжирч байсныг онцлов. Монгол Улс цар тахлын өмнөх жилүүдэд ОУВС болон бусад хоёр талт болон олон талт түнштэйгээ хамтран эдийн засгийн бодлогын зөв менежмент, шинэчлэл хийх замаар төсөв, санхүүгийн тодорхой орон зай үүсгэж чадсан нь цар тахлын эсрэг тэмцэлд туйлын чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. ОУВС-ийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн тэргүүнтэй санал солилцож, ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад онцгой анхаарч байгааг Ерөнхийлөгч хэлсэн бол, ОУВС ч үүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх жилүүдэд Монгол Улс “Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод, Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь реформуудыг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад олон улсын түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын хэсгийн айлчлалд амжилт хүслээ.