11 сар 14, 2024

Дэлхийн банк туслахад бэлэн…

Дэлхийн банк манай улсын өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Манай улсын өмнөд бүсэд уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Тодруулбал, Тавантолгой, Ухаа худаг, Баруун наран, Цагаан толгой, Нарийн сухайт, Овоот толгой, Сүмбэр, Шивээ-овоо, Оюутолгой, Цагаансуваргын ордууд тус бүс нутагт оршдог. Эдийн засгийн үр ашиг бүхий уул уурхайн ордуудын хөгжлийг дэмжих үүднээс өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн тайлбарыг Дэлхийн банкныхан өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх салбаруудыг дэмжихэд бэлэн байгаагаа Дэлхийн банкныхан хэлж байна. Гэхдээ, Монголын Засгийн газар өмнөд бүсийн дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийг эх үүсвэрийг Дэлхийн банкнаас хүссэн тохиолдолд туслалцаа үзүүлэх боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Товчхондоо манай талаас хүсэлт гаргавал тус банк туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Ийнхүү Дэлхийн банк өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлээд зогсохгүй, тус бүс нутгийн дэд бүтцийн стратеги төлөвлөгөөг гаргасан байна. Тавантолгой, Нарийн сухайт, Оюу-толгой, Цагаан суваргын уурхай жилд таван тэрбум ам.долларын нүүрс, зэсийн борлуулалт хийх боломжтой. Гэхдээ дэд бүтцийг шийдвэрлээгүй цагт энэ хэмжээний бүтээгдэхүүн борлуулах боломжгүй. Тиймээс ач холбогдол бүхий ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхлээд дэд бүтцээ шийдвэрлэх хэрэгтэйг дэлхийн банкныхан зөвлөж байгаа юм. Тиймдээ ч, дэд бүтцийг шийдвэрлэхэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байгааг тэд нарийвчлан гаргажээ. Тухайлбал, төмөр зам, цахилгаан, эрчим хүч, усны эх үүсвэр зэргийг бий болгоход 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм байна. Үүний 1 тэрбум 150 сая ам.доллараар төмөр зам барина. Энэ хөрөнгөөр Тавантолгойн ордоос хэд хэдэн чиглэлийн төмөр зам тавьж болох хувилбар гаргасан байна.

Тодруулбал, Тавантолгойгоос Гашуунсухайтаар дамжуулж Хятадын Баотау боомт хүртэл төмөр зам тавихад хүрэлцэнэ. Мөн Тавантолгойн ордоос Замын-Үүдийн боомтыг дамжуулж Датун Кинхуандоа боомт руу төмөр зам тавих. Үүний сацуу Тавантолгойгоос Цагаан суваргын ордыг дамжуулан Сайншанд, Чойбалсан хотоор дайрсан төмөр замыг оросын Владивосток руу тавих. Таван-толгойгоос Айраг, Чойбалсангаар дамжуулан Владивосток руу төмөр зам тавих, мөн Тавантолгой–Айраг-Улаанбаатар-Улаан-Үүд-Владивосток чиглэлд төмөр зам тавих. Үүнээс гадна, Тавантолгой-Улаанбаатар-Улаан-Үүд-Владивосток чиглэлд төмөр зам тавих зургаан хувилбар гаргажээ. Тавантолгой жилд 20 сая тонн нүүрс хятадын Хуанхуа боомт руу гаргана. Үүнээс орж ирэх орлого 6.2 тэрбум ам.доллар байна. Харин оросын Владивосток руу нүүрс гаргавал жилд 1.5 тэрбум америк долларын орлого олно гэж тооцоолжээ. Тиймээс ч, хоёр боомт руу зургаан чиглэлээр төмөр зам тавих боломжтой гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргаад байна.

Харин Оюутолгойн үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан эрчим хүчийг хятадаас авах нь хамгийн хямд тусна гэж Дэлхийн банкныхан үзжээ. Нөгөө талаас өмнөд бүсэд дор хаяж нэг цахилгаан станц нэмж байгуулах шаардлагатай гэж тус банк үзсэн байна. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хугацаа 2005 онд дууссан. Дарханы дулааны цахилгаан станцын ашиглалтын хугацаа 2013 онд дуусна. Тэр үед Оюутолгой зэрэг өмнөд бүсэд байршиж байгаа уул, уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад эрчим хүч дутагдана. Хэдийгээр Засгийн газар 5 дугаар цахилгаан станц, Шивээ-Овоог түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа ч, энэ нь өмнөд бүсийн уул, уурхайн ордуудыг эрчим хүчээр хангаж чадахгүй. Тиймээс өмнөд бүсэд нэмж нэг цахилгаан станц барих шаардлагатай. Үүнд, 2 тэрбум 711 сая ам.доллар шаардлагатай байгааг дэлхийн банкныхан онцолж байгаа юм.

Өмнөд бүсийн уул, уурхайн ордуудыг ашиглалтад оруулахад ус хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Зарим нэг байгууллагууд өмнөд бүсийн уул, уурхайн ордуудад шаардлагатай усыг Хэрлэн голоос татъя гэсэн санал гаргаж байсан удаатай. Тэгвэл дэлхийн банкныхан Хэрлэн голоос өмнөд бүс руу хоолойгоор ус татахад зардал өндөр гарна. Тухайлбал, 500 сая ам.доллар шаардагдаж байгаа. Харин газрын гүний ус ашиглаж эхлэхэд нийт 260 сая ам. доллар шаардагдаж байгаа. Уул уурхайн компаниудад хоногт 350 мянган метр куб ус шаардлагатай болно. Харин тус бүс нутгийн газрын гүний ус өдөрт 500 мянган метр куб байгаа ажээ. Тиймээс газрын гүний ус ашиглах нь зүйтэй гэсэн саналыг дэлхийн банкныхан гаргажээ. Дэлхийн банкнаас гаргасан өмнөд бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх судалгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед ингэж тайлбарлаж байна.

Монгол улсын өмнөд хэсэгт уул уурхайн хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэхэд нэлээд хэдэн жил шаардлагатай. Тус бүс нутгийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх цаг хугацааг тодорхойлж, олон түмний санаа бодлыг сонсон, хэлэлцэх хэрэгтэйг Засгийн газарт зөвлөж байна. Төмөр зам, хот суурин, цахилгаан станц, зам усны нөөц байхгүй бол эдгээр томоохон уурхайнуудын ашиглалт хэрэгжих боломжгүй.